Хөлөнбуйр сум нь Монгол Улсын Үндэсний Төв Архивт буй баримтаар бол нийт 294 өрхийн 1122 ам, үүний эрэгтэй 580 (лам 109), эмэгтэй 542, ястаны байдлаар барга 991, хятад 3, буриад 10, халх 6, бусад гэсэн мэдээ бий. Баргын бүх мал 51090, үүнд тэмээ 151, адуу 3242, үхэр 5802, хонь ямаа 42095 толгой байжээ. Нүүдэлчид хил давж орж ирсэн даруйдаа удалгүй монгол улсад дагаар орохыг хүссэн өргөх бичгийг БНМАУ-ын Бага Хурлын даргад илгээсэн байна. Ингэж өргөдөл явуулж нүүдэллэн ирэгсдийн иргэний харьяаллын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх нь цаашид засаг захиргааны нэгж сум, баг байгуулах асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой байв.
Гүл цагаан хошууны Х.Чойдог, Н.Цэвээнсодном, Н.Начин, Хөвөөт цагаан хошууны Я.Шаарийбуу, С.Гомбо нарын санаачилгаар монголд нүүдэллэн ирэгсдийг монгол улсын харьяат болгох бэлтгэл ажлыг эхлүүлэх, засаг захиргааны түр зохион байгуулалтанд оруулах асуудлыг аймгаас шуурхай хийж, нүүдэллэн ирсэн 50 хүн тутмаас нэгийг төлөөлөгчөөр тооцож 20 хүнийг сонгож ардын хурлыг 1945 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийжээ. Хурлыг аймгийн төлөөлөгч шүүхийн орлогч дарга Ж.Намсрай удирдан хийлгэж сумын даргаар Ядамсүрэнгийн Шаарийбуу, нарийн бичгийн даргаар Пунцагийн Сумъяаг сонгож 3 багийн зохион байгуулалт хийж багийн дарга нарыг тус тус сонгож сумыг уугуул нутгийн Хөлөн нуур, суугуул нутгийн Буйр нуурын нэрийг оролцуулсан Хөлөнбуйр гэж нэрлэхээр тогтжээ.
Хурлыг Буйр нуураас баруун урагш Мандал гэдэг газарт жасын том таван ханатай гэр бариулж хийсэн байна.1945-1946 оны өвөл тус сумынхан Тамсагбулагаар дамжин Бадам-Ишийн тал, Мэнэнгийн шил, Хүйтний булаг, Их, бага Хүрээ зэргээр нүүдэллэн Чойбалсан аймгийн (тэр үеийн нэрээр) зүүн өмнөд нутаг Мангирт, Алтант нуур хүрч тэндээ хаваржжээ. Энэ үед аймгийн Гар үйлдвэрийн холбооны дарга Аюурбуниа гэдэг хүн төлөөлөгчөөр очиж хурал хийлгэн тус сумыг аймгаас баруун тийш 130 орчим км-т орших, Халхгол сумын төвлөрч байгаа Шажинхурах гэдэг газарт шилжүүлэхээр шийдсэнийг мэдэгдэж нүүдлийн бэлтгэл хийлгэн аагим халуун болохоос өмнө уул газартаа хүрэх нь зүйтэй гэж зөвлөжээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор нүүдэллэн ирэгсдийн иргэний харьяаллын асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, тэдний талаар авч хэрэгжүүлэх нэн чухал асуудлуудыг аймгийн яам, Ардын Сайд нарын Зөвлөлд даалгасан байна.
Нүүдэллэн ирэгсэд энэхүү тогтоолыг баяртайгаар хүлээн авч, төвхнөн суурьших асуудалдаа шуурхайлан орсон байна. Энэ үед малын төл нялх байсан тул богино нүүдэл хийсээр Хэрлэн голын урд талаар шууд баруун тийшээ аймгийн төвийн урдуур нүүж одоогийн Булган сумын нутаг Норовлинд хүрэхэд Халхгол сумынхан хараахан нүүж амжаагүй байсан тул, нүүхийг нь хүлээж тэндээ зуссан байна.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд зааснаар: "...эдгээр нэр бүхий 2087 ардыг тус улсын харьяат болгон батлагдсан барга, үзэмчний (Хэрлэнбаянгийн Д.Д) ардуудаас хүссэн ёсоор тэдний саналыг үндэслэл болгон тус тус нижгээд сум зохиох .. сумын захиргааг тэдгээрийн жинхэнэ сайн дурын үндсэн дээр сонгуулиар байгуул" гэж заасны дагуу 1946 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Намын Төв Хороо, Засгийн газрын тусгай төлөөлөгч хүрэлцэн ирж Эрхэтийн бүрд гэдэг газарт харьяат болсон барга ардуудын хурлыг хийж сумын захиргааг 4 багтайгаар шинэчлэн байгуулжээ. Энэ хурлаар сумын даргад Я.Шаарийбуу, нарийн бичгийн даргад П.Сумьяа, тэргүүлэгч гишүүдээр Авирмэдийн Өлзий, Дашийн Тогтох, Адьяагийн Чингүү, Сономын Гомбо, Мижигсэнгийн Аюурзана, Лхамжавын Адьяа, Гомбын Санжмятав сонгосон байна.
Мөн 1-р багийн даргаар Ишгэний Навааншүхэр, орлогч даргаар Намжилын Цэвээнсодном, нарийн бичгийн даргаар Базарын Баяр, 2-р багийн даргаар Билэгбармидын Ерөөлт, орлогч даргаар Равдангийн Баатар, нарийн бичгийн даргаар Балгансүрэнгийн Жамбал, 3-р багийн даргаар Минжүүрийн Цэвээн, орлогч даргаар Авирмэдийн Эрдээмүү, нарийн бичгийн даргаар Гомбын Норов, 4-р багийн даргаар Дашдондогийн Хөөхөнтэй, орлогч даргаар Баанчигийн Базаррагчаа, нарийн бичгийн даргаар Заяатын Гомбо нарыг тус тус сонгон баталжээ.Ийнхүү Дорнод аймагт барга ястан төвхнөн амьдрах эх суурь тавигджээ.
Энэ хуралд Намын төв хороо, Шүүх яамны сайд Жамбалдорж, нарийн бичгийн дарга Моголдой нар оролцож шинэ сумын тамга, тэмдгийг гардуулан өгч баяр хүргэжээ.Энэ хүмүүссумыгзохионбайгуулахажлыгудирдан хийж шинээр хүн, мал эмнэлэг, сургууль, анхны хоршоо зэргийг байгуулж, сумын захиргаанд гэр хоёрыг хүн, мал эмнэлэг тус бүрд нэгийг, бага сургуульд таван гэрийг доторх хогшил хэрэглэлийн хамт хүлээлгэн өгчээ.Мөншинээр байгуулагдсан багийн тэмдгийг гардуулан өгсөн байна.Бага сургуулийн захирлаар Пунцагдаржаа, хүний эмчээр Чойжамцын Дамдинсүрэн, малын эмчээр Самдан, анхны хоршооны даргаар Мөндөлийн Гарьд нарыг томилон ажиллуулжээ.
Төлөөлөгч Моголдой нь нэг сар шахам хугацаагаар тус суманд ажиллаж засаг захиргааны ажил төрөл явуулах болон бичиг хэрэг хөтлөх, төлөвлөх, боловсруулах зэрэгт заавар чиглэл өгсөн байна. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд Туваан гэдэг хүн тус суманд ирж хүн эмнэлэгт 5 ханатай гэр нэгийг, 4 ханатай гэр 2-ыг нэмж өгч 5 хүний орон тоотой, 5 ортой больницыг байгуулсан байна.
Эрхэтийн бүрдэнд сум төвлөрөх үед баргын дуган хийд нь тэнд ойролцоо баруун хойт талд нь 1 км орчим тусдаа төвлөрч байв.Тус сумын хийд нь Гандансамданлин нэртэй, 70 гаруй лам нартай, Лувсанжалбуу, Цогчин, Дарь эх, Ялаачийн дуган зэрэг 7 төрлийн жасаар бүрдэл болж байв.Ширээт лам нь Хөвөөт цагаан хошууны, өндөр ширээт лам гэж өргөмжлөгдсөн Гэсэг гэдэг хүн байв.Гол шүтээн нь Гомбо Махгалбурхан байв.
1947 оны хавар сумын төвийг өөрчлөх болсонтой холбогдуулан мөн оныхоо 5 дугаар сарын 1-ний өдөр бүх албан газрууд нэгэн зэрэг Эрхэтийн бүрдээс хөсөг тэргээр нүүдэл хийж одоогийн төв Баян гэдэг газарт суурьшсан байна. 1956 оны 8 дугаар сарын 20-нд татан буугдсан тус аймгийн Түмэндэлгэр сумаас 2 багийн 179 өрхийн 447 хүн, 13996 малтайгаар тус суманд шилжиж ирснээр хүн амын ястны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 60 шахам хувь нь барга, 40-өөд хувь нь халх болсон байна.